Хараал ч ерөөл болно..

Lullabies
4 min readJun 11, 2022

--

“Сахиуст Хангайн нууц” Г. Аюурзана Номын тэмдэглэл..

Dundgovi, gobi steppe

Толгойд үлдсэн бодол бол Ягаандарь хатаны гоо үзэсгэлэн, бодитоор харах юмсан.. Номноос авсан, сэтгэлд үлдсэн дараах ишлэлүүд..

Үнэн гэдэг бол үнэндээ үнэн биш, хараал ч гэсэн хараал биш ч юм билүү.. Хараалд өртөх эсэх нь одоо биднээс, бүх зүйл өөрөөс хамаарна.

Хүний санаагаар болдог зүйл гэж энэ орчлонд үгүй. Барилдлага байваас арван хошуу алгасан суувч учирмуй. Барилдлага үгүй аваас нүүр тулалцавч үл золголдмуй.

Бүх зүйл таацсан цаг хугацааны эгшин амьсгалд л оршино. Цаг хугацаа бол заяа тавилан юм. Цаг заяа ирвээс Хараал ч ерөөл болж аварна.

Эцэг дээдсийн ариун шүтээнүүд, эх болсон рашаан усны гэгээн лус савдагууд минь чух! Улс орныг минь бусдын дарлалд орохооргүй хүчирхэг, буян их, баян чинээлэг байлгаж хайрла! Хорвоо дэлхийг амар тайван оршоож, хамаг амьтныг хараал хорлолоос холуур явуулж хайрла!

Хорвоо хэрхэн харагдах нь аль зүгээс харахаас л болдог. Диваажингаас энэ хорвоо диваажин шиг л харагдана.

Дурсамжаас илүү мэдрэгдээд үлдэх амт гэж энэ амьдралд үгүй юм.

Мартагдах цаг заяа нь бүрдээгүй учраас л та бүрлээчийг дахин дахин дурсаад яваа хэрэг. Анагаах цаг ирэхэд энэ бүхэн эдгэнэ. Хувь заяа тань өөрөө анагаана.

Өвчин эдгэлээ ч үхлээс тойрохгүй.

Эр хүнийг дотроос нь ирлэдэг юм.

Хөгжим гэдэг угаасаа сэтгэлийг илбэдэх увидастай хойно доо.

Аливаа хэцүү шийдвэр хүнийг ховсдоод өөрөө л гарчихдаг. Шийдэх ёстой хүн нь эргэлзэж алмайрах зуур хувь тавилан гэгч азнахыг үл мэдэн, өөрөө л хөтлөөд одогч буюу.

Хэн нэгэн илүү төрөхөд сайн үг бус, саар үг л илүүтэй дагадаг нь хорвоогийн ааш юм даа. Хүний сайхан гэгч нүдэнд ил зүйл.

Сайн сайхныг олж харах тусмаа л үзэн ядагчид мундахгүй.

Хичнээн гутааж харлууллаа ч , гоо үзэсгэлэн гэдэг бохир буртаг нялзахааргүй дээгүүр зүйл шүү дээ.

Үр хүүхдээс нь гаднын хүмүүс өвгө дээдсийнх нь дүр төрх, зан ааш, харц, гэм согог юухныг ч бай олж харахад баярлаж хөөрдөг нь хүн гээч хөөрхий амьтны араншин билээ.

Жаргалтай байх ч бас өөрийн зовлонтой.

Үйлийн үрийг цохиод буцаадаггүй.

Үргэлж үзэн ядсаар ирсэн үгэндээ татагдаж эрхгүй уярчээ.

Бие гэдэг бол ердөө л энэ ертөнцөд нэгэн удаа бүтэж бүрэлдсэн сүнсний байр нь.

Чихний уринаар хайртаа гомдоож, дайснаа тэтгэж, сонсох шидээр амьдыг үхүүлж, үхсэнийг сэхүүлж болно.

Үг, үйл, алхам бүр үртэй шүү!

Амьдрал гэдэг ямар ч авралгүй, ямар ч найдваргүй санагдаж байхад ч цаанаас нь аврал ирэх юм шиг, хөөрхийлөлтэй найдвар нь биелэх юм шиг горь салдаггүй шүү дээ.

Сайн эр дуу хоёр бол салшгүй юм.

Архи дарс, дуу хуур гэдэг хүний сэтгэлийг нийтгэж сүлжих шидтэй юм хойно доо.

“Хүсэл зорилгоо биелүүлэх хүч чадал хайрлаач, цаг нөхцлийг тааруулаач” л гэж залбирдаг юм. “Замд учрах саад тотгор бүхнийг даван туулах хүчийг минь мохоон сарниах бодол бүү төрүүлээч” гэж өөртөө залбирах нь Бурханаас бэлэн аврал гуйхаас хол илүү зөв байдаг. Залбирахдаа биш, бодол сэтгэлээ нэг мөр болгохдоо л учир байгаа юм.

Эр эмийн янаг амраг далайгаас гүн хэдий ч, эцэг хөвүүний элбэрэл журам огторгуйгаас өндөр гэлцдэг дээ.

Угаас сэтгэл гажсан эр эм хоёр нэг ам мурийхад л өмнөх бүх гомдол сэргэж амилдаг.

Амь тавин тэмүүлж дурлаж, хамтдаа жаргалтай байсан хүн нь үхчихээр гэнэт л голгүй хууртагдчих шиг , хайрыг нь Бурхан тэнгэр юу ч биш хоосон зэрэглээ хэмээн харгис хатуугаар доромжлон үгүйсгэчих шиг даанч гашуун.

Зорьвоос хүрьюү

Бид өөрсдөө л амжиж ямар нэгэн зүйл эмхлэхгүй бол, цаг хугацаа юуг ч хүлцдэггүй. Амьдрал урсдагааараа урсч, элж мартагдах ёстой нь тэгсхийгээд л мартагддаг. Гэхдээ жинхэнэ дурсамж хэзээ ч арилдаггүй.

Харин зарим нь дутуу гуцуу, өлөн зэлмүүн амь зуувч бусдад ямагт дүүрэн сэтгэлээр хандах бүлгээ.

Угаас бусдын муу муухайг олж хардаггүй хүнд амьдрал өөрөө амар түвшин байдаг биз ээ.

Он жилийн урт нь хүний арьс, үс сахал , нуруу, нүдний харцыг л хөгшрүүлдэг. Харин ухаан санааг бол баясч шимтэх юмгүй, хүнд хэцүү амьдрал л самууруулдаг байх.

Нирвааныг олж харахын тулд нисваанисаа л устга.

Сэтгэлийг барихын тулд эхлээд таних ёстой юм билээ.

Шөнийн уртыг нойронд автан өнгөрөгч мэддэггүй, янаглалд мансуурагч мэддэггүй; харин сэтгэлээ нэгэн чигт төвлөрүүлэн хатуужилд шамдагч, номын сургаалыг айлдагч багш, сургаалыг сонсон ихийг ойлгож авсандаа баясагч шавь, өвчинд шаналагч өвчтөн, харанхуй урт замд шөнөжин алхагч аянчин л мэднээ гэж.

Хорвоо гэдэг гагц нарны бус, ухаантай хүмүүсийн л гэрэл гэгээнд байдаг зүйл

Гэгээрэх хувьтай хүн гэгээрэлгүйгээр амьдралыг орхидоггүй. Үхэл зорьсноос чинь өрсөх вий гэж бүү адга! Зүгээр л тууштай бай!

Харих хувь байсан л бол харилгүйгээр үхдэггүй юм санж.

Зовлонгоор дүүрсэн мэт энэ амьдралыг жаргалаар дүүрэн мэт харж чадахад л сэтгэлээ дадуулах явдал

Хүндлэл дутсанаас сахиус догшрох нь бий тул хэн хүнгүй ихэд биширч хүндэлнэ

Үйлийн үр ч мөнх бус.. Нэгэнт Үйлийн үр мөнх бус учраас, аливаа үйлтэн бид зовлонгоос гэтэлж, шунал хүслээс ангижирч , төгс ариусч болно.

Сахиус гэгч амилаад бууж байгаа тэр цагтаа л сахиусаараа байдаг. Мэргэ гэгч тааж тайлж байгаа тэр эгшиндээ л мэргэ болж оршдог. Ном ч адилхан. Ном тавих тэр үед л номоороо байна. Амьдрагч эзэн нь амьд байхад л амьдрал гээч жинхэнэ амьдрал.

Угаас сэтгэл дундуур хүн аливаад төдийлөн гуньдаггүй шигээ бас хэр баргийн зүйлд бачуурч эмзэглэдэггүй болчих юм.

Өөрийг нь гэх сэтгэл өөр хэн нэгнийг гэх сэтгэлээс дутуу байсныг олж үзсэн хэнд ч энэ амьдрал таатай бодол төрүүлэхгүй.

Эцэг хүний совин гэдэг эх хүний зөнгөөс дутахгүй зүйл.

Шударга хүн ч ашиг хардаг юм шүү дээ. Учир нь шударга байх нь л өөрөө ашиг, түүнээс илүү завшаан гэж байдаггүй, ер нь шударга үнэнээр явснаар хэзээ ч алддаггүй гэдгийг мэддэг хүн тэр тусмаа ашиг харалгүй яахав.

Зарим нэг явдал ийнхүү биднээс хамааралгүйгээр гэнэт дурсагдаж, харин зарим нь ор тас мартагдан, хичээгээд хичээгээд санагддаггүй ч юм бил үү…

Lullabies 22.05.05

--

--

Lullabies
Lullabies

No responses yet